ТӨСЛИЙН ЗОРИЛГО: Эгийн голын усан цахилгаан станц төслийн стратегийн ач холбогдлыг харгалзан Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэхээр тус тус тусгасан. Монгол Улсын эрчим хүчний төвийн бүсийн нэгдсэн системд үр ашигтай тохируулга хийснээр найдвартай, тогтвортой байдлыг бий болгох, цэвэр усны нөөц бүрдүүлэх, байгаль орчин, нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх стратегийн чухал ач холбогдолтой ногоон төсөл юм.
ТӨСЛИЙН 4 ТАЛТ АЧ ХОЛБОГДОЛ, ҮР ӨГӨӨЖ:
1. Эрчим хүчний хувьд:
• Эрчим хүчний нэгдсэн системд оргил ачаалал, аваарын үед тохируулга хийж, импортын эрчим хүчийг орлох эх үүсвэр бий болно.
• Дээрхи тохируулгын үүргийг нүүрсний дулааны цахилгаан станц, нар болон салхины цахилгаан станцууд гүйцэтгэх чадамжгүй тул ЭХ- ний системийн эх үүсвэрийн харьцааг тэнцвэржүүлэхэд чухал ач холбогдолтой.
2. Байгаль орчны хувьд:
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь их, бага хэмжээгээр цөлжилтөд өртөж, гол горхи олноор ширгэж, цэвэр усны хомсдолд хүрээд буй өнөөгийн нөхцөлд уг төслийг хэрэгжүүлснээр байгаль орчны урт хугацааны тогтвортой байдлыг нэмэгдүүлэх ногоон төсөл юм.
• 5.7 тэрбум м3 эзлэхүүн бүхий цэвэр усны нөөц бүрдэхийн зэрэгцээ гүний усны нөөц нэмэгдэнэ;
• Хилээр урсан гарах Сэлэнгэ мөрний усыг дотооддоо үлдээж, усны нөөцийг ашиглах боломж бүрдэнэ;
• Үерийн усыг хуримтлуулснаар Сэлэнгэ мөрний дагуух үерийн эрсдлээс хамгаалах бөгөөд бага устай үед урсцыг нэмэгдүүлж урсцын тохируулга хийнэ;
• Орчны агаарын чийгшлийг нэмэгдүүлснээр уур амьсгалыг зөөлрүүлж, цөлжилт, шар шороон шуурга болон ган гачгийг бууруулна;
• Жил бүр хүлэмжийн хийн ялгарлыг 709 тонноор бууруулж, бүс нутгийн экологийн тогтвортой байдлыг дэмжинэ;
• Мөнх цас, мөсөн гол, мөнх цэвдгийн хайлалттай холбоотой байгалийн эрсдэлийг багасгана;
• Цаг агаарын хэт халалт, эрс тэс температурын нөлөөгөөр олноор ширгэж буй гол горхины усны эх ундаргыг нэмэгдүүлж, тогтвортой хадгалан хамгаална;
• Нуур үүссэнээр усны болон эх газрын амьтдын амьдрах таатай орчин бүрдэх зэрэг ач холбогдолтой.
3.Нийгэм, эдийн засгийн хувьд:
• Эгийн голын УЦС ашиглалтад орсноор ОХУ-д жил бүр төлдөг 48-52 орчим сая ам.долларын импортын төлбөрийг хэмнэж валютын гадагш урсгалыг бууруулна.
• Байнгын 150 болон түр 3000 ажлын байр нэмэгдэнэ.
• Гүний ус хэрэглэж буй Эрдэнэт үйлдвэрлэл, технологийн паркд гадаргын цэвэр ус нийлүүлснээр гүний усны хомсдолоос сэргийлнэ.
• Усан сан үүссэнээр тухайн бүс нутгийн эрчимжсэн газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэнэ.
• Байгалийн аялал жуулчлал, усан спорт, загас ан агнуурыг хөгжүүлэх таатай нөхцөл бүрдэж, гадаад, дотоодын аялагч, жуулчдын сонирхлыг татах хөгжлийн томоохон төв болно.
ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ:
Эгийн голын усан цахилгаан станц төслийн хүрээнд дараах Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ болон техникийн судалгааны ажлуудыг хэрэгжүүлж байна.
Үүнд:
1. Монгол-Оросын хамтарсан “Эгийн голын усан цахилгаан станц төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд үзүүлж болзошгүй нөлөөллийг иж бүрнээр нь үнэлэх судалгаа”
Гүйцэтгэгч: ОХУ-ын ШУА-аас томилогдсон шинжээчдийн баг, Сибирийн салбарын харьяа Эрхүүгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, холбогдох салбарын судлаачдын ажлын хэсэг;
Монгол Улсын ШУА-аас томилогдсон шинжээчдийн баг, Газар зүй, геоэкологийн хүрээлэн, холбогдох салбарын судлаачдын ажлын хэсэг
2. ЮНЕСКО-ийн аргачлал, олон улсын стандартад нийцүүлэн хэрэгжүүлэх Эгийн голын усан цахилгаан станц төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ”
Аргачлал: ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хүрээнд нөлөөллийн үнэлгээ хийх аргачлалын дагуу Олон улсын санхүүгийн корпорацын (IFC) гүйцэтгэлийн стандартад нийцүүлэх
Гүйцэтгэгч: “EACC” ХХК болон “Хатандалай” ХХК-ийн түншлэл (Гэрээг 2025.08.20-нд гэрээ байгуулсан)
Хугацаа: 2025.08.20 – 2026.12.31